2009-09-29

ЛОНДОНГИЙН ОЛИМПИЙН ХОНХ ЖИНГЭНЭЖ ЭХЭЛЛЭЭ

2009 оны 9 сарын 25-ны Баасан гарагт 2012 оны Лондонгийн Олимпийг Зохион Байгуулах Хороо(ЛОЗБХ)-ноос санаачилан НЭЭЛТТЭЙ ӨДӨР сэдэвт өдөрлөг зохион байгуулав.  Өдөрлөгийн зорилго нь Үндэсний Олимпийн Хороодын гишүүдэд Лондонгийн Олимпийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа, олимпийн өмнө болон дараа бусад орны олимпийн хороодтой хэрхэн хамтран ажиллах талаар МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОЖ ЦААШДЫН АЖИЛЛАГААНДАА ТУСГАХ явдал ажээ.

Өдөрлөгт оролцохоор таван тивийн 10 орны Үндэсний олимпийн хороодын 21 бие төлөөлөгчид, Олон Улсын Олимпийн Хорооны ажилтан, Британийн Олимпийн Нийгэмлэгийн дарга, олимпийн бэлтгэл ажиллагааг хариуцагч салбар тус бүрээс мэдээлэл хийх мэрэгжилтнүүд, Британийн бүс нутаг бүрийн спортын арга хэмжээг хариуцсан зохицуулагчид нийт 50 гаруй хүн хуран цуглав. Миний бие энэ арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагааны хүсэлтээр Үндсэний Олимпийн Хороог төлөөлөн оролцсон юм.



Төлөөлөгчдөд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох өглөөний арга хэмжээ Лондонгийн
санхүү бизнесийн гол төв Canary Warf-д сүндэрлэх 156 метр өндөр, 32 давхар Churhcill Place хэмээх шилэн цамхагт байрлах ЛОЗБХ-ны 21-р давхарт зохиогдлоо. Нар ээсэн, цэлмэг тэнгэртэй эл өдөр шилэн байшингаас бүтээн босголт ид өрнөж буй Олимпийн хотхон бүхэлдээ харагдана.

Арга хэмжээг гардан зохион байгуулагч Британийн Үндэсний Олимпийн Хороо, Үндэсний Паралимпийн Хорооны үйлчилгээ, харилцааны албаны дарга James Macleod өдөрлөгийг нээсний дараа ЛОЗБХ-ны Спорт хариуцсан захирал Debbie Jevans, Британийн Олимпийн Нийгэмлэгийн  захирал Colin Moyniham нар Олимпийн бэлтгэл ажлыг хариуцаж буй нэгж хэсгүүд, удирдлагын бүтэц,  тэдгээрийн хоорондын ажил үүргийн  уялдаа холбоо, мөн шинээр санаачилан хийж буй төслүүдийн талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий бүтэц зохион байгуулалтын талаархий мэдээллийг холбогдох цахим хуудаснаас http://www.london2012.com/about/the-people-delivering-the-games/index.php авч болох тул дэлгэрэнгүй эс өгүүлэв.
Харин олимпийг зохион байгуулагчид нэгэн сонирхол татсан төслийг санаачилсан нь Лондонгийн Олимпийг  Британичууд болоод бусад улс орны спортын байгуулагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх хөшүүрэг болгон ашиглах зорилготой аж. Төсөл нь Олимпийн тоглолтоос өмнө Үндэсний Олимпийн болон Паралимпийн Хороо нь Британийн нутаг дэвсгэрт байрлах олимпийн шаардлага хангасан 640 гаруй спортын цогцолбороос сонгон тамирчдаа ирүүлж бэлтгэл сургууль хийлгэх боломжоор хангах, ингэснээр олимпийг зохион байгуулах хороо тамирчдаа илгээсэн ҮОХ бүрт 25000 паундын санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ. Үндсэний Олимпийн Хороо нь тухайн бүс нутгийн спортын байгууллагатай шууд гэрээ хийх бөгөөд хамтын ажиллагааныхаа дараа гаргасан зардалтай холбогдох нэхэмжлэлээ ЛОЗБХ -д илгээснээр энэхүү санхүүгийн дэмжлэгийг авах боломж бүрдэнэ. Энэ санаачилга нь
  • гадаадын тамирчид Британийн уур амьсгалд дасан зохицож олимпод амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй тэр бүс нутагт болох олон нийтийн үйл ажиллагаануудад уригдан оролцох боломжоор хангагдах тул ард түмний аж байдал хэл соёлтой танилцах, өөрийн улс орондоо Британийг сурталчилах гүүр болох,
  • тухайн цогцолбор байрлах бүс нутгийн иргэд нь дэлхийн нэртэй тамирчдыг хүлээн авч нөхөрлөл хүндэллийн бодит харьцаа үүсгэснээр нэг талаар залуу хойч үеийнхэний спортоор  хичээллэх эрүүл чийрэг өсөж хүмүүжихэд эерэгээр нөлөөлөх,  нөгөө талаар тэдгээр тамирчид олимпийг тоглолтын үеэр өөрсдийг нь дэмжин уухайлах орон нутгийн хөгжөөн дэмжигчидтэй болох
  • үндэсний олимпийн хороо болон тухайн бүс нутгийн спортын байгуулагын хооронд урт хугацааны хамтын ажиллагааны суурь тавигдах гэх мэт олон талын эерэг нөлөөтэй гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.

Энэ олимп зохион байгуулагчдын уриа болгоод буй “хүн бүрийн оролцоо” гэдэг санааных нь нэг хэсэг би хүртэл өөрийн эрхгүй болоодхож буйгаа мэдрэн Монголынхоо тамирчид, төлөөлөгчдийг энэ санаачилгынх нь дагуу авчирах юм шүү хэмээх бодолд автаж суулаа.

Олимпийн Хотхон Төслийн удирдагч Tony Sainsbury Лондон 2012 олимпийн тоглолтууд зохиогдох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн байрлал, хүчин чадал, олимпийн үеэр болон дараа нь хэрхэн ашиглах, олимпийн хотхон нь  тамирчид төлөөлөгчдийн  уралдаан тэмцээнд оролцох,  ая тухтай амрах гээд олон талыг бодолцож бүтээн босгож буй тухай мэдээлэв. Лондонгийн Олимпийн хотхон нь нийслэл дотроо, ихэнх тэмцээн уралдаан болох цогцолборууд нь тамирчдын хотхонтойгоо ойр зэрэг нь Барселоны Олимпийн хотхонтой ойролцоо зохион байгуулалттай гэнэ. Лондонгийн замын хөдөлгөөний ачааллыг бодолцон тооцоход Олимпийн хотхоноос тэмцээн уралдаан болох хамгийн хол зай нь хөл бөмбөгийн тэмцээнүүдийг эс тооцвол  30 минутийн дотор хүрэх тойрог дотор оршиж буй, Лондонгийн олимпийн бүтээн босголтын ихэнх ажил хугацаанаасаа түрүүлж яваа талаар тэрээр бахархалтайгаар өгүүлж байсан.
Мөн олимпийн үеэр ажиллах зорчигч тээврийн сүлжээ, зохион байгуулалт, аюулгүй байдал, тэмцээн уралдаанд нэвтрэх эрхийг олгох болзол нөхцөлүүд, тасалбарыг түгээх ангилал, борлуулах арга замууд зэргийн бэлтгэл явцын талаар ЛОЗБХ-ны хариуцсан мэрэгжилтнүүд  тус бүрдээ мэдээлэл хийв.

Олимп нь аялал жуулчлалыг эрчимжүүлэх чухал нэгэн хөшүүрэг учир зохион байгуулагчид ч энэ боломжийг бодолцон ажиллаж буй юм байна. Энэ асуудлаар Британи болон Лондонгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн (www.visitbritain.com, www.visitlondon.com) ажилтнууд Британид тэр дундаа Лондонд ирэгсдэд үзэж сонирхох үзвэр, байрлах буудал, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад туслах боломж нөхцлүүдийн талаар санал болголоо.

ЛОЗБХ-ны дарга Лорд Sebastian Coe өглөөний ажиллагааг хааж товч үг хэлэхдээ Лондонгийн Олимпийг амжилттай зохион байгуулахад их спортын тэнгэр дор нэгдэгч хүн бүрийн санаа бодол, хамтын ажиллагаа онцгой чухлыг дурдаж, олимпийн бэлтгэл ажиллагаа маш амжилттай явагдаж буй хэмээгээд зохион байгуулагч нарын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирэсдэд талархал илэрхийлсэн юм.

Хуучин эздийг хөсөр орхихгүй олимп.
Ингээд бид өдрийн зоог барихаар Forman’s Fish (www.formansfishisland.com) нэртэй зоогийн газрыг зорилоо. Энд төлөөлөгчдийг авчирдаг нь бас учиртай. Энэ зоогийн газар яг одоо цэнгэлдэх хүрээлэн баригдаж байсан талбайд байрлаж байгаад Олимпийн бүтээн босголтын улмаас газарт орсон аж. Олимпийг зохион байгуулагчид тухайн нутаг дэвсгэрт бизнес эрхэлж байсан байгууллагуудыг газарт оруулаад л орхилгүй үйл ажиллагаагаа цааш хэвийн явуулахад нь аль болохоор тусалж, дахин газар олгож, барилга байшинг нь ч барьж босгож өгч буйн нэг жишээ болгон үзүүлэхээр энэ зоогийн газарт биднийг авчирч буй. Өдгөө Forman’s Fish нь Олимпийн хотхонтой хил залгаа, цэнгэлдэх хүрээлэнгээс чулуу шидэх зайд зөвхөн нарийнхан усан  сувгаар тусгаарлагдан шинээр баригджээ. Тэдний хувьд олимпийн тоглолт орлогын амыг нь нээсэн үйл явдал болох нь гарцаагүй. Зоогийн газрын эзэн ч сохорсон биш завшив гээч болох нь гэсэн утгатай үг хэлж олныг инээлгэв. Олимп болох газар нутгийн хуучин эздийг хөсөр орхихгүй хэмээсэн бодлогыг зохион байгуулагчид баримталж буйн нэгэн жишээ энэ байлаа.

Хэлхээ үүсгэх хагас цаг
Өдрийн зоогийн өмнөх хагас цагийг Британийн бүс нутгийн спорт хариуцсан зохицуулагчид, улс улсын Үндэсний Олимпийн хорооны төлөөлөгчидийн хооронд хэлхээ холбоо тогтоох боломж үүсгэсэн байдлаар зохион байгуулжээ. Энэ нь нөгөө 25 000 паундын тэтгэлэгийг авахын өмнө тамирчид маань чухам аль бүс нутагт очивол зохиолтойгоо шинжлэн тогтоох боломж олгох мөч байлаа. Шуурхай танилцах ажиллагааг (Speed dating) санагдуулам олдсон хагас цагийн дотор аль болох олон хүнтэй хэлхээ үүсгэх ажилд тал талаасаа яаран орцгоов. Хажууд зогсож байсан гурвын харайлтын Олимп, дэлхийн аварга, Jonathan Edwards шууд гараа сунган “Намайг Jonathan гэдэг” хэмээхүйд “Өө, мэдэлгүй яахав” гэсээр яриа өрнөлөө.
Тэрээр ЛОЗБХ-ны Тамирчдын зөвлөлийн тэргүүн тул надаас Монголд аль спорт илүү түлхүү хөгжсөн байдаг, олимпод спортын ямар төрлийн тамирчид голлон оролцох талаар тодруулаад миний хувьд уулзаж ярилцаж болох бүсийн зохицуулагчдыг зааж өгсөн маань бага цагт аль болох зөв хүмүүстэй уулзахад их тус болсон.  Таван ч бүс нутгийн зохицуулагчидтай танилцаж цаашид холбоотой байхаар тохиролцон нэрийн хуудас солилцсон агаад тэр оройноосоо л тэд имайлээр булж эхэлсэн билээ.

Ингээд зоогийн ширээнд суухуйд өдөрлөгийг зохион байгуулагч James Macleod –тай тохой нийлж тааран, түүнд хандан “тун их ач холбогдолтой арга хэмжээ болж байна, Сайхан зохион байгуулж буйд баярлалаа” хэмээн урмын үг хэлэхэд Үр дүнтэй болж байна гэж бодож байна. Өмнөх аль ч олимпийг зохион байгуулагчид ингэж үндэсний олимпийн хороодын төлөөлөгчидөө урьж нэгдсэн танилцуулах арга хэмжээ хийж байгаагүй. Тэднээс ирэх асуулт, хүсэлт бүрийд тусгайлан хариулж байхаар ингээд нэгдсэн байдлаар танилцуулга, санал солилцох арга хэмжээ зохиох нь илүү үр дүнтэй гэж бид үзээд энэ өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ нь зөвхөн мэдээлэл өгөх төдийгүй бас төлөөлөгчдийн санаа оноог нь авч цаашдын ажилд тусгах зорилготой тул ямар нэгэн санаа байвал илэн далангүй илэрхийлээрэй. Олимпоос өмнө дахин нэгээр тогтохгүй Нээлттэй өдөр зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа” хэмээн өгүүлсэн.

Холыг харсан бүтээн босголт
Өдрийн зоог өндөрлөмөгц зэргэлдээх Олимпийн хотхоны бүтээн босголттой танилцах аялал хийхээр данхар автобусаа Лондон олимпийн сурталчилгааны зураг мэдээллээр гоёсон намхан автобусаар солин замд гарав. Тэнд үнэхээр ажил буцалж байна аа. Викториа хатан хааны үеэс хойшхи Лондонгийн өнгө төрхийг өөрчилөх хамгийн том бүтээн босголтын ажил хэмээн 2012 олимпод зориулан гүйцэтгэж буй бүтээн босголтоо Британичууд нэрлэж буй. Тэд өмнө нь хоёронтоо Олимп зохион байгуулж байсан ч энэ удаагийнх шиг өргөн далайцтай хөдөлж байгаагүй болтой. Гэхдээ энд барьж босгож буй цогцолбор бүхэн олимпийн дараа хэрхэн ашиглагдах шийдлээ давхар бодолцжээ.

Зүүн Лондон буюу борчуудын хороолол хэмээгддэг энэ хэсгийг Олимпийн тоглолтын хөөрөл нүргээнийг дулдуйдан шил толь болгон сэлбэж, шинэлэг бадрангуй амьдралын төв болгохоор  шийдсэн нь тун мэргэн ухаан.
Олимпийн хотхоны талбайн нийт хэмжээ 6 гаран хавтгай дөрвөлжин  километр нутаг дэвсгэр. Энэ хотхонд баригдах цогцолборууд болоод ойролцоох EXCEL,  Millennium Dome цогцолборуудад нийт уралдаан тэмцээний 60 гаруй хувь нь зохиогдоно.

Барилгын ажлыг удирдан хийж буй компанийн албан байрны дээвэрт төмөр хашлагатай тавцан зассан нь олимпийн хотхоны бүтээн босголттой танилцах зочидыг хүлээж авдаг гол өндөрлөг. Бид энэ өндөрлөгөөс эргэн тойрныг харж чухам хаана юу баригдаж буй, баригдах талаар ойлголт авлаа.

Зүүн урд захад босож буй 80000 Хүний суудалтай Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий ган хүрээ хэдий нь угсрагдаж. Анх төлөвлөж байсан загварыг нь өөрчилөн олимпийн дараа 25000 хүний суудалтай болгон багасгахаар шийдсэн нь их хөрөнгө зарж нүсэр байгууламж босгоод дараа нь арчилж тордох зардлыг нь дийлэхгүй болдог өмнөх олимпуудын түгээмэл туршлагаас зайлсхийсэн ухаан байв. Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон байх зоог ундааны газрууд, бие засах газрууд ч ихэнх нь түр зуурын байхаар угсрагдах юм байна.

Олимп болгон нэгэн өвөрмөц шийдэлтэй спортын цогцолборыг босгодог. Лондонгийн Олимпийн хувьд энэ нь 20000 хүний суудалтай усан спортын цогцолбор. 28000 тонн гангаар угсрагдах дээвэр нь гуравхан багана дээр тогтох энэхүү цогцолбор далайн далавчит загасны (stingray) хэлбэртэй. Цогцолборыг олимпийн дараа 2500 суудалтай болгон багасгах аж. Тамирчдын хотхоноос олимпийн цэнгэлдэх хүрээлэн хүрэх явган зорчигчдын өргөн зам цогцолборын хойд ирмэг дээгүүр гарна.
Энэхүү гайхамшигт  цогцолборын загварыг зохиогч нь алдарт архитекторч Zaha Hadid. Түүний зохиосон өвөрмөц шийдэлтэй олон байгууламжууд дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болгонд шахам байдаг.

Дугуйн тойрог замын уралдааны, сагсан бөмбөг, туялзуур жад, гандбол, волейбол, зүлэгний хоккей гэх мэт өөр олон спортын цогцолборууд энэ хотхонд баригдаж байна.  

17000 хүний ор бүхий тамирчдын байрлах 10 давхар байрнуудын суурь тавигдаж өрлөг угсралтын ажил ид дундаа. Олимпийн дараа эдгээр нь уг дүүргийн оршин суугчдын байр болон хувирна.

200 гаруй метр урт 100 гаруй метр өргөн 20 гаруй метр өндөр Олон Улсын Хэвлэл Мэдээллийн Төвийн нүсэр том орд хэв загвараа хэдий нь олжээ. Олимпоос нэг жилийн өмнө ашиглалтад орох энэ цогцолцороос BBC  агентлаг спортын нэвтрүүлгүүдээ бүтэн жилийн турш явуулж хэвийн ажиллаж буйг нь “өөрийн биеэр” нотлох аж.  Олимпийн дараа энэ цогцолборыг хэсэгчилэн, эсвэл бүхлээр нь хэн нэгэнд түрээслэх бүр болохгүй бол эргүүлэн хураахад болохоор шийдэж угсарж буй юм байна.

Байгальд ээлтэй бүтээн босголт
Бүтээн босголтын ажлыг байгаль орчиноо хайрлан хамгаалах сэдэлтэй маш сайн хослуулан гүйцэтгэж буй. 19-р зуунд уурын хөдөлгүүрийн үйлдвэр байсан энэ газар цаг цагийн үйлдвэрийн хог хаягдалд дарагдсаар хөрс шороо нь ихэд бохирдсон байжээ. Иймд олимпийн бүтээн босголтын нэг хэсэг болгон бүх хөрсийг угааж ашиглах ажлыг хамтатган хийж байна. Хуулсан хөрсийг одоогоор хотхоны баруун хойно байрлах угаах хэсэгт аваачин угаагаад буцааж барилгын талбай руу зөөх нүсэр том ачааны машинууд завгүй холхино. 
Мөн барилгын ажил эхлэхээс өмнө энэ хавийн ус цөөрмийн загас жараахай, түүний эрэг хөвөөгөөр байсан амьтадыг барьж тусгай газар арчилж маллаж буй бөгөөд барилгын ажил дуусахаар эргүүлэн нутагшуулах юм байна. Энэ бүгдэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа ихээхэн шаардлагтай ч британичууд нэгэн цагт бохирдуулж хаясан байгалиа энэ цагт сэргээн амилуулах ёстой хэмээн тас шийджээ. Бахархууштай.

Монголчуудын тулааны гол талбар
Олимпийн хотхоны байгууламжтай танилцсаны дараа бокс, жудо, таэквондо, хүнийг өргөлт, чөлөөт болон сонгомол бөх, ширээний теннисний тэмцээн болох  EXCEL төвийг зорилоо. Лондонгийн замын түгжээнээс болж бид хуваарьт цагаасаа чамгүй хоцорсон тул 65 000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх Европийн хамгийн том баганагүй цогцолбортой маш товчхон танилцсан юм. Цогцолбор 2000 онд ашиглалтад орсон бөгөөд төрөл бүрийн олон улсын үзэсгэлэн худалдаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг гол төв болоод буй. Монголын тамирчдын гол уралдаан тэмцээнүүд Олимпийн хотхоноос 10 гаруй минутын зайтай энэ цогцолборт болно.

Лондонгийн Олимпийн хонх жингэнэж эхэллээ. Ховорхон тохиох түүхэн агшныг хөгжил дэвшлийн ташуур болгохоор “холыг харсан Олимп”-доо бэлтгээд Британичууд завгүй байна.

Мэдээллийг бэлтгэсэн Д.Цэрэнбат
 (ҮОХ-ны харилцаа хариуцсан Лондон дах төлөөлөгч)

No comments:

Post a Comment