2009-09-24

Их Британийн Засгийн Газрын Соёл, Мэдээлэл, Спортын сайд Тесса Жовелл - “Энэ Олимп та бvхний Олимп байх болно"

2012 оны олимпийг зохион байгуулах эрхий төлөө уралдаанд Лондон хот амжилттай оролцоход Британийн Монголчууд ч өөрийн хувь нэмрээ оруулсан түүхтэй.

Ингээд 2005 оны 6 сарын 20-д Цахим Өртөө сүлжээгээр түгээж байсан нэгэн мэдээг толилуулж байна!



Oлoн Улсын Олимпийн Хороо Сингапур хотноо 7 сарын 6-нд хийх 117 дах хурлаараа 2012 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах хотыг сонгон шалгаруулах билээ. Олимпийн эрхийн төлөө өрсөлдөж буй 5 хотоос олонхийн таамгаар эхний 2-т яваа Лондон хот уг Олимпийг өөрийн хотдоо зохион байгуулах эрх авахын төлөө шаргуу ажиллаж байна. Тэд Лондон хотноо байрлах газар газрын үндэстэн ястаны 200 гаруй нийгэмлэг холбоодын төлөөлөгчидтэй уулзаж олон үндэстэний эв нэгдэлтэй оршин суудаг Лондонгийн Олимп та бүхний Олимп байх болно хэмээн уриалж, хэрвээ Лондон ялвал хэрхэн хамтран ажиллаж болох саналуудыг тавьж, бас сонсож эхэллээ.


Энэ арга хэмжээний хүрээнд 6 сарын 18-ны Бямба гарагт 10:30-аас 11:20-ийн хооронд Британийн Засгийн газрын гишүүн, Соёл, мэдээлэл, спортын сайд хатагтай Тесса Жовелл Лондон хотноо оршин суугч Монголчуудын төлөөлөгчидтэй Монгол улсын элчин сайдын яамнаа уулзалт хийв.

Хадагтай Тесса Жовелл "Лондон 2012" гэсэн лого-оор чимэглэсэн такси хөлөглөн ирэхэд Монгол улсаас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Даваасамбуу, Монголчуудын Холбооны төлөөлөгч Д. Цэрэнбат нар угтан авч Монгол заншлаараа алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ барин золгож, амьд цэцгийн баглаа барилаа.
Элчин сайд  эрхэмсэг хадагтай Жовелл-ийг Лондон хот дахь Монголчуудын төлөөлөгч хуран чуулсан 30 орчим хүнд танилцуулан улмаар Д.Цэрэнбат сайд Тесса Жовелл-ийг Лондон-2012 хөтөлбөртэй холбогдуулан Монголчуудын төлөөлөгчидтэй уулзахаар зорин ирсэн явдалд нь талархал илэрхийлээд Их Британи тэр дундаа Лондон хот дахь Монголчуудын талаар товч танилцуулав. Тэрээр "Британид нийтдээ 3000 гаруй Монголчууд бий гэсэн тооцоо байдгаас Лондонд 2000 орчим нь лавтай бий. Бусад улс үндэстний холбоодтой харьцуулахад бид тоо бага, нас залуу ч бидний дунд Монгол орноо төлөөлөн тодорхойлж чадахуйц олон хүмүүс бий. Тухайлбал бидний олонхи болох Лондонгийн Их сургууль, Коллеж-дэд суралцагч, ажиллагч, оюутан залуус, судлаач шинжээч нараас гадна, Монголын эдийн засгийн гол суурь болсон зэс, ноолуурын салбарын төлөөлөгчид, Монголын санхүүгийн гол төв Монгол банкны суурин төлөөлөгч, мөн өөрсдийн бизнесээ Их Британид эрхлэн явуулдаг бизнесменүүд, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн Британий соёлыг Монголд байнга хүргэж байдаг телевизийн студио хүртэл ажиллаж байна. Спортын талаас нь танилцуулваас 2001 оноос Britain Маsters Champion цолоо хамгаалсаар байгаа Ч. Цэвээнпүрэв, 2004 оны Английн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ариунболд, 2000 оны Монголын шилдэг хөл бөмбөгч Буман-Учрал, радио-ийн болон спортын нэрт нэвтрүүлэгч Р. Доржбат гээд олон хүн байдаг хэмээн өгүүлээд уулзалтад хүрэлцэн ирсэн тэдгээр нөхөдтэй танилцуулав.
Дараа нь эрхэмсэг хадагтай Тесса Жовелл хурсан олонд өөрийн энэ удаагийн товч айлчлалынхаа зорилгын талаар тайлбарлалаа. Тэрээр:


"Олимп зохион байгуулах эрхийн төлөөх бидний өрсөлдөөн бол Лондонгийн Монголчууд та бүхний хамтын хүсэл эрмэлзэл байх учиртай. Хэрвээ Олимпийн хороо Лондонг сонгох аваас Олимпийн тоглолт нь мөн та бүхний Олимп байна гэдгийг ойлгоосой гэсэн бодол тээж энд ирсэн билээ" хэмээн уриалаад "Лондон бол түг түмэн ялгааг багтаасан, аливаад уужим хулээцтэй хандан, олон орны соёлын огтолцол дээр оршдог хот бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх багуудийг энэ хот элгэмсэг халуунаар хүлээн авна гэдгийг хүн бүр ойлгож мэдээсэй гэж хүсэж байна. Улс бүрийн баг өөрсдийг нь дэмжин уухайлах үзэгч дэмжигчидтэй байх болно. Бид Лондон дахь олон орны нийгэмлэг, холбоодоос маш өргөн дэмжлэг туслалцаа авч байгаа ч сэтгэл зүрхээрээ Лондонг дэмжигчдийн тус дэм хэрэгтэй байсаар байна. Хэрвээ бид ялваас Монголчуудын нийгэмлэг энэ тоглолтод ямархуу үүрэг гүйцэтгэх талаар ярилцах нь чухал. Лондон-2012-оос үүдэн гарч буй саналууд дотор "Айл өрхөөр байршуулах" (Home stay) хөтөлбөр буюy Лондонгийн уугуул болон мөн гадаад улс орнуудаас ирж суурьшсан айл өрхүүдэд тухайн орноос ирэх тамирчдын гэр бүлийнхэн хийгээд хөгжөөн дэмжигчдийг үнэ хөлсгүй орон байраар хангах тухай хөтөлбөр байгаа юм. Энэ нь зочид буудал хөлслөн буух бололцоо тааруу хүмүүс ч Британид ирж Олимпийн тоглолтыг үзэн ойр дотны хүнээ хөгжөөн дэмжих боломжийг бүрдүүлж буйгаараа ихээхэн ач холбогдолтой.


2012 он дөхөхийн цагт бид гадаад иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах өөр бусад маш олон төрлийн арга хэлбэр бий гэж үзэж байна. Тухайлбал, улс орнуудын баг тус бүрт тусгайлан мэндчилгээ дэвшүүлж угтах өвөрмөц хэлбэрийг олоход тэд Олимпийг зохион байгуулах хороонд туслах Олимпийн үеэр ажиллах орчуулагч, хэлмэрчдийг олж өгч чадна гэж бодож байна. Тэд мөн Олимпид оролцох тамирчин бүрт элэгсэгээр хандана гэж итгэж байгаа бөгөөд чингэх нь дэлхийн II дайнаас хойшхи үеийн сайн дурынхны хоёр дахь том хүчин чармайлт болох юм. Гадаадын тамирчид эндээс буцахдаа бидний халуун дотно, зочломтгой сэтгэлийн илэрхийллийг тээж яваасай, Олимпийн тоглолт Британид аж төрж буй гадаадын олон нийгэмлэг холбоодыг улам ойртон нягтруулж, өөрсдийн үнэ цэнийг нь мэдрүүлээсэй гэж хүсэж байна" хэмээн яриагаа өндөрлөв.

Хөтөлбөрийн дагуу түүнд Монгол наадмын тухай товч танилцуулж видео бичлэгээс сонирхуулснаас гадна ноднин жилийн Лондонгийн наадмын түрүү бөх Ариунболд, залуу бөх Зоригт нар Монгол бөхийн үзүүлэх барилдаан хийсэн нь хуран цугларсан гадаадынхны сэтгэлийг ихэд хөгжөөв. Сайд Тесса Лондон-гийн хөтөлбөр ялахын нэгэн бэлэгдэл болгон 2 бөхийн гарыг дээш өргөн зогсоод уулзалтыг сувалжилахаар цугласан хэвлэл мэдээллийнхэнд зургаа татууллаа. Тэрээр Телевизийн МН-25 сувгийн Лондон дахь хамтран ажиллагч Метериод-25 ТВ-д энэхүү уулзалтынхаа талаар ярилцлага өгөөд Монголчуудын төлөөлөгчидтэй хийх албан ёсны уулзалтын ажиллагаа өндөрлөж буйг мэдэгдэн хуран чуулсан олонд Лондон 2012 Олимпийн хөтөлбөрийг дэмжин, хэрвээ Лондон сонгогдвол хойшид хамтран ажиллахаар болж буйд баярлаж талархаснаа илэрхийлэв. Хариуд нь элчин сайд Д.Даваасамбуу Лондон 2012 Олимпийн тоглолтын эрхийг авахын төлөө шаргуу ажиллаж буйд нь эрхэм сайдад хүндэтгэл үзүүлээд тус яамнаа хүрэлцэн ирж Монголчуудын төлөөлөгчидтэй уулзаж санаа бодлоо солилцсонд нь талархан, Лондонд амьдран суугаа хүмүүсийн хувьд Лондонг 2012 оны Олимпийг зохион байгуулах хотоор шалгараасай гэж бид хүсэж, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ өдрийн уулзалтыг Британий талаас телевизийн Sky, ITN, Channel 5 сувгууд, Sunday telegraph зэрэг сонины сурвалжлагчид, Монголын талаас Метериод-25 студио сурвалжиллаа.

Монголчуудын төлөөлөгчидтэй уулзахын өмнө сайд Тесса Жовелл Лондонд оршин суугч Солонгосчуудын төлөөлөгчид, тэдний нийгэмлэгийн удирдлагатай уулзаж, таэквондо-гийн үзүүлэх тоглолт узэж сонирхон, солонгос дэлгүүр, зоогийн газруудаар оржээ. Тэрээр үдээс хойш Лондон хотын Trafalgar Square- т Энэтхэгийн төлөөлөгчидтэй уулзаж, гар урлалын бүтээгдэхүүний худалдааны үзэсгэлэн-яармагийг нээсэн байна.

No comments:

Post a Comment